АРИЛЖААЧНЫ ФИЛОСОФИ (01)
- Byambadorj Yura

- Sep 19
- 7 min read
Updated: Sep 21

Цуврал өгүүлэл (01)
Одоогоос яг арван хэдэн жилийн өмнө юмсан. Би гэж хүн анхлан хувьцаа авч, арилжаа хийж үзмээр санагдаад дотоодын брокерийн компани уруу очиж данс нээлгэв. Мөнгө муутай ч итгэл дүүрэн залуу нас минь.
Үнэндээ тухайн үед манай улс эдийн засгаа нээлттэй болгож, либерал бодлого явуулж, капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн тогтолцоо уруу эргэлт буцалтгүй шилжээд арав гаруй жил болж байлаа. Иргэд олон нийт санхүүгийн зах зээлийн талаар төдийлөн мэдлэг муутай. Арилжааны банкны талаар л дутуу дулимагхан мэдлэгтэй. Мөнгөө тийш нь л аваачиж хадгалдаг байжээ.
Арилжаа хийх талаар бүр ямар ч ойлголт үгүй хэлж болох үес юм даа.
Тухайн үед төрийн өмчүүдийг хувьчлаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байлаа. Харамсалтай нь эдгээр томоохон өмчүүдийн заримынх нь хувьцааг биржээр худалдахын оронд аль зальтай зайтай, мэдээлэлд ойр, овсгоо сүйхээтэй, бүр хулгай зэлгээ хийж гаршсан нөхдүүдэд ч хууль ёсны болон хууль бус аргаар өгч, нөгөөдүүл маань тухайн өмчүүдэд үе дамжин эзэн сууцгаагаад, олон нийтэд огт хүртээлгүй хэрэг болчихож билээ. Өмч хувьчлалын үндсэн зорилго ийм байдлаар бага зэрэг хазайчихсан юм. Нэгэнтээ “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ!” гэдэг болж, түүнээс хойш дахиад хориод жил өнгөрсөн ч энэ байдал нь нэг л өөдлөхгүй явж ирлээ. За тэр ч яахав. Болоод өнгөрсөн хэрэг. Үндсэн сэдэв рүүгээ оръё.
Миний арилжаа хийж эхэлж байсан тэр үе бол хувьцаа авч, зарахын тулд нэг үйлдэл хийсэн ч брокер уруу утсаар ярьж, эсвэл биеэр очиж захиалга өгч, бас биелэсэн, биелээгүй эсэхээ мэдэхийн тулд бас дахин оператор луу очиж, эсвэл утсаар залгаж асуудаг байсан цаг үе. Мэдээж брокеруудад лавлах дугаар шиг олон телефон утас байхгүй болохоор нэг залгаад шууд дуудлага хүлээн авахгүй нэлээд залгаж байж арайхийж холбогдоно. Тийн холбогдсон хүн чинь нэг биш ядаж л хэд хэдэн захиалга өгөхөө бодно. Үүний тулд тун ч их бодож тэмдэглэж, тооцоо хийж, хувийн тэмдэглэл хөтөлж байж сая өгнө л дөө. Тэгээд үүнийг чинь үндсэн ажлынхаа хажуугаар цаг гаргаж нууцаар хийнэ.
Аз болоход цаас харандаа, шугамын үе түүх болоод ямар ч байсан гайхамшигт Эксел програм дээр өөртөө янз бүрийн хүснэгт зохиож, хүссэн томъёогоо оруулж, хувийн тэмдэглэлээ подхийтэл хийчихдэг байлаа. Байлаа ч гэж одоо ч тэр, би л хувьдаа эксел дээ дэндүү үнэнч бөгөөд хэдийгээр түүний үе өнгөрч, шинэ үе ирж байгаа ч миний хайртай гарын программ хэвээрээ л юм. За, тэгээд утсаар болон биеэр холбогдож чадахгүй бол Захиалга биелсэн эсэхийг дараа дараагийн ажлын өдрүүдэд асууж тодруулж байж мэднэ. Позицээ өөрөө тэмдэглэж, ашиг алдагдлаа өөрөө л тооцно. Түүнээс биш арилжаачдын портфолийг тусгасан тусдаа платформ гэж олигтой зүйл байгаагүй. Манайд интернет хэрэглээ их бага хэмжээгээр байсан ч брокерийн компаниуд он лайн болж хараахан амжаагүй, хууль эрх зүйн орчин ч сайн бүрдээгүй байж, зохих бэлтгэлээ л хангаж байсан шиг санагддаг.
Гэвч би халшраагүй. Харин ч бүр нэмээд гадаад арилжаа хийж үзмээр санагдав. Өөрөө бие дааж Interactive brokers-т бүртгүүлж, олон улсын арилжаанд орохоор шийдээд бүртгүүллээ. Онлайнаар бүртгүүлэх гэж өчнөөн юм болов. Хэн ч туслахгүй нь тодорхой тул youtube ээс харж байгаад бүртгүүлэв. Гэвч манай улсын татвар төлөгчийн цахим мэдээ тайлангууд байхгүй, хаягжилт сайн бүрдээгүй, google-д хараахан бүртгэгдэж дуусаагүй нь дээр шуудангийн тогтолцоо төдийлэн сайн хөгжөөгүй тул хаягийн zipcode буруу зөрүү гарахаас эхлээд бүртгэлийн хүндрэлүүд тулгарлаа. Арайхийж бусдын zipcod хийж байж хүчээр оруултал, Америкт юм уу эсвэл өөрийн орондоо татвар төлдөг гэх нотолгоо бүхий татвар төлөгчийн дугаар хийх хэрэгтэй болов. Аль аль нь байдаггүй. Татварын тогтолцоо маань хараахан цахимжиж амжаагүйгээс хувь хүн бүрт олгогддог татвар төлөгчийн албан ёсны регистер байдаггүй. Ажил хийгээд нийгмийн даатгал сар бүр төлдөг ч түүний дугаарыг бүртгэл хүлээн авдаггүй зэрэг олон асуудлыг ямартаа ч нэг юм давж гарсаны эцэст бүртгэгдэж, тухайн үед хамгийн багадаа 500 USD-аар анхлан арилжаанд орох ёстой болсон шиг санагдаж байна.
Одоо бол 50 USD оор ч бүртгүүлж болдог болсон цаг. Уг нь олон сайт байсан ч хөрөнгө худалдан авахтай холбоотой эхлэлтийн хөрөнгө оруулалт багадаа л 10 000 USD байдаг болохоор надад таарсан болон, манай нөхцөл байдалд хамгийн сайн тохирсон брокерийн компани бол яах аргагүй IBQR өөс өөр олигтой сонголт байхгүй байлаа. Одоо ч гэсэн миний хамгийн дуртай арилжааны платформ мөөн. Ингээд долоо хоног шахуу уйгагүй ноцолдож байж бүртгэл маань баталгаажаад анхны депозит хийж дансаа цэнэглэх шаардлага тавигдлаа. Үнэндээ тэр үед бүх юм шинэ байсан надад онлайн гарын үсэг нь хүртэл үнэхээр үзээгүй байсан зүйлсийн маань нэг мөн байв. Хаа очиж манай улсын банкны тогтолцоо, Азийн ихэнхи хөгжингүй орнуудаас дутуугүй хурдацтай хөгжиж байсан учраас гадаад гүйлгээн дээр төдийлэн зовлонгүй, өөрийн дансаа шууд цэнэглэж чадав.
Гэхдээ одоо ч тэр хувь хүн чөлөөтэй шууд бүртгэл хийлгэх боломж хангалтгүй л байх шиг санагддаг. Томоохон брокерийн компаниуд IBQR-ээс эрх аваад өөрийн орны иргэдийг бүртгүүлж, зуучилж байгаа харагддаг. Гэтэл төд удалгүй ямар нэгэн асуудлаас болж болохоо байгаад хувь иргэдийн данс ч удалгүй хаагдаж байгаа асуудал гарч л байдаг. Хувиараа бүртгүүлсэн зарим нэгэнд харин энэ талын айдас огт байхгүй ээ. Хараат бус байх шиг аз жаргал ер хаана байх вэ. Дашрамд дурдахад одоо ч гэсэн манай улсыг ардчилалын баянбүрд гэх мэтээр хүндэтгэж, дэмжиж явдаг гэх ахан дүүс зарим аварга аварга хөгжингүй улсууд мааэнь энэ мэт хөгжлийн боломжуудаасаа хааяа хааяа ч гэсэн буурай Монголд минь амсуулчихаж байгаасай гэж хүсэх юм. Үгүй наад зах нь л Paypal бүртгэлийг яагаад манайд бүрэн үүсгэж болохгүй байгааг ч гайхсаар л байдаг юм.
Уг нь ардчилал зах зээлийн нийгмийг анхнаас нь тууштай дэмжиж гар сэтгэл харамгүй тусладаг Америкчууд маань нэг өдөр энэ мэтийг цэгцэлж өгөх байх аа гэж найдна. Өнөөдөр бүхий л төрлийн аппыг хормын дотор утсандаа суулгаад чөлөөтэй бүртгүүлж, чөлөөтэй ашиглаж байхад Paypal-д бүртгүүлэхэд одоо ч тэр заавал өөр орны гар утасны дугаартай байх шаардлага тавигдах юм. Эсвэл би өөр оронд амьдрах ёстой болно. Үгүй бол бүртгэл бүрэн хийгдэхгүй хэвээрээ л байна. Яг л энэ мэтийн асуудлуудтай адил бэрхшээл байж дээ. За тэр ч яахав. Тэгээд анх удаа онлайн арилжаа хийж үзэж байхад үнэхээр гайхалтай санагдаж байсныг дурдахад илүүц биз ээ. Өөрийн орны нөхцөл байдлыг энэхүү нөхцөл байдалтай харьцуулж үзээд манай улсад хэзээ ингэж гоё хараат бусаар арилжаалж, өөрийн ашиг алдагдал бүх зүйлээ нэг талбар дээрээс хардаг болох болдоо гэж бодож, эргэцүүлж, бяцхан цагаан атаархал төрдөг байсныг нуух юун.
Анхны арилжаа минь
Хэзээ ч сэтгэлээс гардаггүй юм. 500.0 USD-роо би: Зөв л хувьцаа авах ёстой! Нэг хувьцаанд оруулж хэрхэвч болохгүй! Сагсаа төрөлжүүлэх хэрэгтэй! Тэгээд алдахгүй л байх ёстой! гэсэн үндсэн ганц хоёр дүрмээс өөр юу ч мэдэхгүй “цагаан гар” шууд л олон улсын хэмээх тэр их хувьцааны далай руу ямар ч хамгаалалтын өмсгөл хэрэгсэлгүй шунгаад орчихсон хэрэг. 4-5 хувьцаа шууд авчихсан. Ямар ч шимтгэл төлж байгаа юм, ямар татвар төлөх юм? Хэзээ авч байгаа юм? Үнэтэй байгаа юм биш биз? Ер нь хаанахын ямар, юу хийдэг, хир ашигтай ажилладаг компани вэ? Хувьцааны төвлөрөл хир зэрэг юм бэ? Арилжааны идэвхи хир их юм? Хэзээ зарах юм? Авах цаг нь мөн үү? Биш үү? Ядаж л худалдаж авсан дундаж үнээ бууруулах алдарт "Хааны зам" стртегийн талаар А ч үгүй! Улирлын тайлангууд нь хэзээ гардаг юм? Гардаг үеэр ханш хэрхэн хөдөлдөг вэ? Dvidend өгдөг үү? Тийм бол хир өгдөг үү? Бүртгэлийн өдөр нь хэзээ байдаг? Хувьцаа эзэмшигч бүртээ тайлагнадаг уу? Үгүй ядаж л "Арилжааны идэвхитэй цагууд нь ямар юм?" ч гэж мэдэхгүйгээр шүү дээ. Энэ олон асуудлын тэмдэгүүдийг бүгдийг нь орхичихоод “Арилжаа эрхэлнээ!” хэмээн зоригтойгоор бодож явсан золбоолог насаа санахаар гоё л байдаг даа.
Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэдэж байв. За яахав. Хамгийн муугаар бодоход бүгдийг нь л алдана биз. Би алдах хирээрээ тоглох гэж байна. Энэ зэргийг алдахад би ахиад яаж ийгээд олчихно л доо. Тиймд надад одоохондоо харамсах юм алга. Хамгийн муу тал нь энэ. Сайн тал нь ойлгомжтой. Ашиг олж сурна. Олох ч болно. Ямартаа ч “Хийж үзээгүй онолдож явсанаас хийж үзээд бүдэрсэн нь дээр!”. “Өөр бусдаас сонсоод амаа ангайж сууснаас, Өөрөө эхлэж үзээд амаа барьсан нь туршлага болно” гэдгийг сайтар ойлгож байлаа. Одоо ч би энэ онолоороо жигүүрлэж явдаг. “Би чадах болов уу?” л гэж эргэлзээд байвал нэг ч алхам урагшлахгүй. Газар ч хорохгүй. “Би чадна!” л гээд оролдоод байвал удаан ч гэсэн анхны байрлалаас хол илүү л харайчихсан байдаг. Чадах болов уу? гэж боддог хүний асуулт дандаа "Үүнийг би хийж чадах уу?" төлөвт ороод програмчлагдчихдаг.
Харж л байгаарай. Ийм хүнээс амжилт, аз хоёр үргэлж дайжиж явдаг. Тийм хүмүүс нэг их гавьтай яваа нь юу л бол. Зүй нь: Үүнийг би чадах уу? гэж асуухын оронд "Үүнийг яаж хийх вэ?" гэдэг нь л зөв асуулт гэгддэг. Ингэж асуудаг хүний тархи ямар нэгэн байдлаар хийхийн тулд ажиллаж эхэлдэг гэх. Тиймд алдаатай ч оноотой ч эхлүүлэх нь зүй биз. Би ч бас залхуу хүн. Гэхдээ санаанд багтсан зүйлээ нэг эхэлсэн л бол тууштай хийж байж дуусгадаг чанартай. Үр дүн янз бүр ч огт хийгээгүй байснаас дандаа илүү л байдаг. Яг энэ аргаараа анхныхаа арилжаагаа хийж нэг суурин дээр 500 USD оор дөрвөн компанийн хувьцаа авчихаад сууж байлаа. Тухайн үед надад юу бодогдсон гэвэл одоо авч чадсан юм чинь би хэзээ нэгэн өдөр зарж чадна. Харин яагаад ч юм "алдчихвал яана!" гэх айдас тийм ч их байгаагүй санагдаж байна.
Харин ч “Би өөрөө анх удаа ямар нэгэн брокероос ч юм уу хэн нэгнээс хараат бус өөрөө бие даагаад дансаа цэнэглэнгээ зохих хувьцаануудыг авчихлаа!” хэмээн бахархах сэтгэл төрөөд, харин ч аргагүй цаанаасаа баярлаад байсан санагдаж байна. Тэгээд "Ханш хэзээ өсөх бол гэдгийг харах л үлдлээ!" гэж бодож байсан юм.
Одоо үе шиг минут секундээр ханшийг харж, байнга гар утсанд сигнал ирж, тухайн компанийн талаархи бүх мэдээ, мэдээлэл хором секундээр багцлагдан танд цахимаар ирдэг энэ гайхалтай цаг үетэй харьцуулахад бараг дундад зуун юм уу хаашаа юм. Ердөө 500.0 USD оо өсөхийг нь хүлээнэ. Хэзээ нэгэн өдөр өсөх л ёстой! Ийм л итгэлээр авчихсан хэрэг. Хамгийн уртдаа хагас жил л хүлээх байх гэж бодож байв. Тэгээд 500 USD оо 600 USD болгочихвол эхний удаагийн том амжилт мөн гэж төсөөлж байлаа.
Тэгээд юу болсон гэвэл ердөө хоёр сарын дараа миний авсан хувьцааны үнэлгээний 40% нь огт байхгүй болсон. Бас хоёр ч компанийн ханш огт хөдлөхгүй хэвээр байв. За ер нь л бүх юм утгагүй болжээ гэж бодоод айдастаа хөтлөгдөн ханш хөдлөөгүй хоёроос бусдыг нь зүгээр л зарж орхисон. Дахиад унахаар нь авах ёстой! гэж бодоод зүгээр л орхичисон хэрэг. Унасан л даа. Авсан! Гэвч ахиад л унасан. Авч чадаагүй ээ! Яагаад гэвэл дансаа цэнэглэх мөнгө байгаагүй ч юм уу эсвэл зүгээр л айсан хэрэг. Хагас жилийн дараа анх оруулсан мөнгөний яг тэн хагас нь алга болж билээ. Энэ миний анхны айхавтар хэцүү хичээл, бас гэрийн даалгавар болсон юм. Өөр хүн байсан бол тэгээд хаях байсан байх.. Харин би орхиогүй. Тухайн үед их сэтгэлээр унав. Унасан хүн ууртай гэгч ч болсон. Учир нь би өөртөө нэг ийм зуршил бий болгосон байлаа. Энэ нь тэр алдсан дүнгийнхээ ард "хоёр тэг" тавьж ургуулж боддог арга юм. Тийм байдлаар үнэлгээг үзэхэд хэний ч дотор муухайрхаар болж ирдэг юм ш дээ.
Үнэндээ "Хувьцааны арилжаанд бага мөнгө гэж хэзээ ч байдаггүй!" гэдгийг бүүр сүүлд л ойлгож мэдэрсэн миний хувьд яг саяынхаа аргаар бага мөнгө ч байсан ард нь заавал хоёр тэг тавьж төсөөлдөг тэрхүү зуршлаа өнөөхир орхиогүйгээр барагхгүй харин ч гүн гүнзгий дадал болж тогтсон хэрэг. Ингэж үздэгийн давуу тал нь мөнгөө дэмий гээхээс үнэхээр сэргийлдэг гэж үзэж болох юм. Тэгээд ч оновчтой сонголт хийхэд чамгүй тус болдог арга билээ.
Ингээд би..
Үргэлжлэлийг дараагийн дугаарт...




Comments