“ХИЛИЙН ЗААГ ДЭЭР”
- Byambadorj Yura

- Sep 19
- 5 min read
Сургамжит өгүүлэл
Одоогоос долоон жилийн өмнө аялалын үеэр өөрт тохиолдсон нэгэн таагүй явдлын талаар ийн бичиглэж байжээ. Энэ бол өгүүлэлийн маань “нэгдүгээр” хэсэг болох юм. Өгүүлэх нь:
Үүргэвч үүрэн улс орон дамнан хэсэж, аялах сонирхолтой хийгээд аялахаар зэхэж буй хэн бүхэнд сургамжтай бөгөөд “Хэрэг болж мэдэш!” гэсэн үүднээс зориуд өгүүлэхээр шийдлээ.

Миний хувьд алив аялалыг урт болон богино хугацааны хэмээн ангилдаг. Богинын аялал 10-аас ихгүй хоногт багтдаг бол урт хугацааны аялалын тухайд 14 буюу түүнээс олон хоног зарцуулж, нэг дор нэлээдгүй сонин хачин зүйлсийг үзэхээр төлөвлөдөг. Үүндээ ч тодорхой цаг зардал зарж, хэрэгцээтэй зүйлсийг дэс дараатай, нарийн нямбай бэлдэхийг хичээдэг нэгэн. Гэсэн хэдий ч өөрт болон өрөөлд сургамж болохуйц, санахад илүүдэхгүй элдэв зүйлүүд аялах бүр л тохиолдох юм даа. Таагүй зүйл гэснээс аливаа орны хууль дүрмийг мэдэхгүйгээс, эс бөгөөс өөрсдийн хэнэггүй зангаасаа болдог ч байж магад үгүй, их төлөв тухайн хүний дадсан муу зуршилтай холбоотойгоор үүдэн гарах нь олонтаа анзаарагддаг.
2018оны зун бидний хэдэн аялагчид ээлжит аялалаа зүүн өмнөд Азийн орнуудаар хийхээр шийдсэний дотор Сингапураас Малайзын Куала-Лампур хот орж, хэд хоноод буцаж Сингапурт ирэхээр төлөвлөсөн байлаа. Уг нь Сингапураас Малайз ороход бидний мэдэж байгаачлан нисэх онгоц болоод автобусаар зорчих хоёр боломж бий. Нисэх онгоц нь автобусыг бодвол үнийн зөрүү өчүүхэн, ердөө цаг гаруй нисээд зорьсон газарт маань шуурхай хүргэх байсан ч энэ удаад харьцангуй тохилог, бас газраар юм үзэж явахыг илүүд үзсэн бид хэд жуулчны автобусыг сонгож Малайзыг зорилоо. Үүнд нөлөөлсөн нэгэн шалтгаан нь Сингапурт байрласан зочид буудлын хажууханд улс, хоорондын тээврийн товчоо ажиллаж, элдэв өнгийн реклам, сурталчилгаа эрээвэр хураавар юмс нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз ээ. Аялал маань төлөвлөсөн ёсоор аятай сайхан болж, Малайз улсад хэдэн өдрийг таатай өнгөрүүлээд буцаж Сингапур хүрэхээр өнөөх л автобусандаа буцаж суувай.
Өндөр цамхаг, өргөн чөлөөнөөс илүүтэй үзэсгэлэнтэй газраар нь сорчилж аялаж байгаарай! Ялангуяа #UNESCO-д бүртгэлтэй газрууд бол үнэхээр гоё мэдрэмж шүү.
Одоо гол зүйлдээ орьё:
Гэтэл энэ удаад автобусны жолооч маань дүрэм журмаа хэт баримталдаг нь таарсан уу, эс бол надад тийн санагдсан уу эс мэд, бараг бууж суулгүй 8 цаг илүү явж, бид ч суудалдаа шигдсээр харуй бүрий болох үес ихэд чилж ядарсан нойрмог хэдэн аялагчид сая нэг Сингапурын хил дээр орж ирлээ.
Мэдээж автобус дүүрэн орон орны аялагчид байсныг дурдах нь илүүц биз. Тэд ч маш их агсагадаж, ядарсан нь царай нүүрнээс нь илт. Байн байн цагаа харж, үе үехэн санаа алдана. Зарим нь өлсөж, ундаассан бололтой. Үнэнийг хэлэхэд энэ удаад: “Онгоцоор нисчихдэг байж дээ!” хэмээх битүүхэн бодол үе үе төрж байсныг нуух юун. Учир нь би тамхи татдаг муу зуршилтай хүн. Тамхичин хүмүүс тамхинаас гарахыг хүсэж, янз бүрийн оролдлого хийсээр өөрийн муу зуршилтайгаа цаг бүр тэмцэж байхад би тамхиа татахыг амьдралын нэг л таашаал хэмээн үзэж түүнийг ер жигшиж үзсэнгүйгээр хэдийнээ дөчин настайгаа золгожээ. Ер, миний хувьд аливаа аялалд гарахдаа хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол юу юунаас илүүтэй тамхиа байгаа эсэхийг, хүрэлцэх эсэхийг нягт нямбай шалгадаг тийм л тамхичин.
Үүр шөнийн заагаар хил дээр ирсэн бид ачаагаа автобуснаас авч, тэнтэр тунтар алхсаар манай хэд түрүүлж, би сүүл барисхийн ардаас нь дагалдан сая Сингапурын хилийн шалганаар оров оо. Газар газарт байдаг жишгээр жуулчдаа хилийн шалганаар орох зуур автобус түрүүлж ороод цаана нь гарч жуулчдаа хүлээж байлаа. Гэтэл гэнэт үл мэдэг дохио дуугарч миний бяцхан чемоданыг маань гаалийн шалгагч хуруугаараа дохиж заагаад:
- “Дотор нь юу байна вэ?”
-“Онгойлго!” хэмээн захирангуй хэлэв. Би ч:
- “Хувцас хунар, ойр зуурын юм!” хэмээгээд чемоданаа нээв. Үнэндээ ямар нэгэн юм юу ч санасангүй.
-“Таниас тамхи илэрсэн!
-Та намайг дагаад явна уу?” хэмээн тушаах шалганы дүрэмт хувцас бүхий чухал царайтай нөхрийн захирангуй үгс намайг сая сэрээх шиг боллоо. Уг нь би хил гаалиар гарахдаа эс бол тамхиа ачаанд хийчихнэ, газраар явах бол хамт яваа хүмүүстээ тараагаад өгчихнө, энэ талаар бусдыг бодвол харьцангуй туршлагатай ч энэ удаад бүгдийг ор тас мартжээ. Ер түүнийгээ санах завдал ч байсан үгүй! Үүр цүүрээр автобус цөөхөн, хилийн шалган харьцангуй ачаалал багатай байсан болоод ч тэр үү, хийх ажил нь арай багассан тэдний хэдэн ажилчид чухам л томоос том загас барьсан мэт эс бөгөөс хар тамхи илрүүлсэн мэт энэ ажлаа бүх насаараа үнэнч зүтгэлтэй хийсээр ирсэн байрын өвгөжөөр догь эрийн:
-“Тамхи! Тамхи!”
хэмээн тэрүүгээр нэг чангаар хашхиран намайг урдаа хийж, маадгар гэгч хурдан хурдан алхлах нь нүдэнд одоо ч үзэгдэх шиг.
Нойрмог, дээр нь ганц сайхан тамхилмаар санагдана. Хурдхан автобусандаа сууж, цааш нэвтэрхийг хүссэн надад энэ нь тун ч яршигтай санагдаж байв. Бүх жуулчид автобусандаа эргэн сууж, харин шалганы цаана ганцаараа бөртөлзөн зогсох хань минь л намайг хүлээж байх нь тэр ээ. Надад задлаагүй үлдсэн таван хайрцаг янжуур байжээ. Намайг шалганы өрөөндөө оруулан баахан байцаав. Тэдний хуулиар таван хайрцаг янжуур тоологдсон бол 100 орчим доллартай (Сингапур) тэнцүү хэмжээний торгууль хүлээх аж.
Тэд эхлээд никотины хэмжээг нарийн шалгаж, үйлдвэрлэгдсэн газрыг байцааж, тамхийг маань нэгд нэгэнгүй шинжилж үзээд амны тамхи гэдгийг баталж байна. Яаж ч тайлбарлах гэж оролдоод нэмэр алга. Сая л элдэв төрлийн тамхи биш энгийн тамхи гэдгийг албан ёсоор тогтоолоо. Үүнд надаас хөнгөхөн 15 минутыг минь салгав. Би дотроо хамгийн бага шийтгэл болох торгуулиа хурдхан төлөөд эднээс л бушуухан салахыг илүүд үзсэн ч тэд харин надаас тийм амар салахгүй нь тодорхой бололтой.
Угаас бүхий л зүйл тогтсон хуулийн дагуу тул түүний дараа:
· Хэн гэдэг хүн?
· Хаанаас, яагаад ямар зорилгоор энэ улсад тамхитай нэвтэрсэн бэ?
· Юу хийж яваа юм?
гэх мэтээ тоочсоор бараг л амьдралаа бүрэн хүүрнэсэний эцэс дор тэдний протоколуудыг уншиж танилцав. Түүнчлэн шат шатны дарга нарынх нь зөвшөөрөл хүлээсээр дахиад 30 минут өнгөрөв. Үүний эцэст надад тамхины тухай алтан сургаалиа ээлж ээлжээр айлдацгааж эхэллээ..
Би автобус дүүрэн жуулчдыг ийм удаан хүлээлгэсэндээ дотроо нэн ихээр санаа зовж, түүнчлэн тэднээс яасхийгээд салах арга ухаанаа ололгүй цухал төрж байсан ч нэг гараараа нөгөөгөө бариад илүү дутуу үйлдэл үзүүлэлгүй тэвчээртэй суухыг хэрэндээ л хичээнэ. Удалгүй автобусны жолооч болоод бусад жуулчдын тэсвэр алдагдаж, уурлаж ундууцсан тэдний зарим нь гадаа гараад зогсож байсан төдийгүй, явахаар шийдсэнээ жолооч нь тэдэнд дуулгажээ. Тэр хүртэл хань дүү хоёр маань л хамаг байдаг ухаанаа сүвэгчлэн жолоочийг саатуулж байж л дээ.
Эцэст нь шалганыхан алтан сургаалаа хайрлаж гүйцээд:
-“Торгуулиа төл! эс бөгөөс “Хураалгасан тамхиа нүдэн дээр өөрөө устга!” хэмээх хоёр сонголт надад үлдээж баахан сургааль сонссон би өөрөө устгахыг илүүд үзсэнээр тэдний нүдэн дээр ёсоор болголоо. Ингээд явах гэтэл бас болоогүй аж. Автобус хөдөлж байх шиг. Ёстой л анх удаа тамхиндаа үнэн голоос уур хүрч, жигшин зэвүүцэж байна аа. Хамгийн сүүлд нь тамхийг устгасан акт үйлдэж, хэд хэдэн газар мутрын үсгээ үлдээж, хурууны хээгээ үлдээсэн би гэдэг хөөрхийлөлтэй хүн, шалганы өрөөнөөс гүйхээрээ гарч автобус уруу хэд харайн чавхдаж очоод олныг саатуулж гуйж, гувшиж надаас ичиж, зовсондоо царай нь чавга мэт улайж зогссон эхнэр дүү хоёроо ардаа хийсээр хаалгаар орж ирэв.
Одоо санахад аливаад би бараг бөхийж үзээгүй хүн юм. Яагаад ч юм бусдын өмнө бөхийнө гэдэг бол тэр Азийнханд байдаг түгээмэл үзэгдэл, харин Монгол хүн надад тэгэх шаардлага өчүүхэн төдий ч байхгүй! хэмээх бардам зангаа гээлгүй өдий хүрч яваа нэгэн билээ. Харин би анх удаа тэдгээр хар, шар, цагаан зүсэн зүйлийн арьс бүхий газар газрын жуулчдын үзэн ядсан өлдөж ундаассан, ядарч сульдсан харцсын дор, өөрийн эрхгүй томоос том уучлал гуйн бөхийж өршөөл эрэн алгаа хавсарч зогсжээ.
Ичиж, зовсоныг эвлүүлж хэлэхэд ч үг багадам. Хүмүүсийг нүдний булангаар харахул эргэн хөрвөөж үл чадах бие давхар Европ эмэгтэй, ам уруугаа ус балгуулах саа өвчтэй гэмээр Энэтхэг байрын эгч дүүс, нүдний шилнийхээ дээрээс над лугаа галаар цоргих мэт нэвт шувт ажсан ч биеэ ихэд барих хослол бүхий хаанахын ч юм бүү мэд догь эр, хариугүй цохиод авахвий! хэмээх халуун залуухан булиа эр.
Энэ бүхний дундуур чимээгүйхэн эхнэр дүү хоёроо ардаа хийсээр авбусны хонгилоор сэм сэмхэн алхалсаар суудалдаа хүрэх гэж тэмүүлэх надад тэр нарийхан хонгил дэндүү урт мэт, адрын сүүмгэр хөхөлбий гэрэл нь зөвхөн над дээр л эгцхэн тусаад байх шиг тунчиг хэцүүхэн, халуухан санагдаж байсан даа.
Үргэлжлэл бий..
Хонг-Конг 2018–08–04




Comments