google-site-verification=mcQrjBFMKLG-SzaHUS1ePwFHnLEz_Z5glm59UWK7vRM
top of page
Search

АРИЛЖААЧНЫ ФИЛОСОФИ (03)

  • Writer: Byambadorj Yura
    Byambadorj Yura
  • Sep 21
  • 8 min read

Үргэлжлэл..



ree

...Тиймд өөрийн зөн совин итгэл үнэмшил, өдий хүртэл олж авсан мэдлэг мэргэшил, практик туршлага, нөөц, эрсдэл хийх болон хамгаалах чадвар, тактик стратегууд чинь таны хөрөнгийг хамгаалахаас бус тэнд явж байгаа Биллийг дуурайгаад гадаад зах зээлд нэг хол харайх нь юу л бол.  

Олж суулгах тэрхүү өгөгдөл маань: 

Нэгдүгээрт:  өөрийн хичээл зүтгэлээс эхтэй гэдэг нь тодорхой байна.

Хоёрдугаарт: Бас дахин цаг хугацаа юм. Ямар нэгэн арилжаанд ч тэр хөрөнгө оруулалтанд ч тэр амжилт гаргах нь ерөөс шууд цаг хугацаатай холбоотой ч байж мэднэ. Тийм ээ гарцаагүй цаг хугацаа л гэж хэлнэ. Та хүлээж чаддаг болох хэрэгтэй. Олонхи арилжаачид хамгийн шилдэг компаниудын хувьцааны ханш нь тухайн үед гэнэт унасан учраас зарж байсан болохоос түүний бизнесийн хэтийн төлөв байдлыг огтхон ч сонирхож төсөөлж, байгаагүй!” гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үеийн ханш уналтыг л тэгж хүлээж авч байжээ. Харин бизнесийг нь сонирхдог байсан бол бүгд л #NVIDIA, #Amazong, #Apple, #Tesla-гаар бөөлжих байлаа. Үгүй ядахдаа л #Их7bluechip  хувьцааг хангалттай цуглуулчихсан сууж байгаа гэдэгтээ маргах юм алга. Гэвч цаг хугацаа алдаж байгаа мэт сэтгэгдлийг өөрийн тархиндаа хүчтэй суулгасан болохоор хүлээж чадаагүй ч байж магадгүй.


Би ч тэр ялгаагүй худалдаж аваад л ашгийн үзүүр дөнгөж цухуйж байхад нь зарчихаад арав нугарсан хойно нь олон ч компани дээр амаа барьж л байлаа. Хүлээж буй тэр цаг хугацаа л  өөрт маань туршлага, олдмол зөн совинг минь надад бат найдвартай суулгаж өгсөн байх аа. Одоо бол тийм их тэвчээр байхгүй ч гэлээ зоригтой, золбоолог залуу насаа бодвол илүү хэрсүү, дээр нь хүлээж чаддаг тэвчээртэй болсон. Гэхдээ хэрвээ чи технологи ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй хүн байж болно шүү дээ. Ер нь ч чиний ажил мэргэжлээс хол хөндий байна гэж үзэж байвал бас л чиний зөв. Учир нь чи ойлгож мэддэг зүйлдээ хөрөнгө оруулах нь хамгийн зөв зүйтэй бөгөөд бизнесийг нь тодорхой цар хүрээнд ойлгож мэдэрчихсэн байвал бусдаас ямагт нэг алхам урд явах тул хэнээс ч илүү зоригтой, зөв шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээгүй. Хэн илүүг мэднэ! Тэр илүүг хүртэнэ!”  Энэ бол орчин үеийн арилжааны үндсэн философи юм.


АРИЛЖААНЫ ЗАРЧИМ


За тэгвэл яг ямар арилжаа амжилтанд хүргэж байна вэ? Түүнд яг ямар ямар зарчмууд нөлөөлж байна вэ? Юу хийх ёстой вэ? Хэрхэн амжилттай арилжаа хийх вэ? гэдэг талаар авч үзье.


1.     Багцаа зөв бүрдүүл!

Хамгийн эхний алхам бол та анх удаа эхэлж буй ч бай, олонтаа оролцож байсан ч бай хамаагүй арилжаанд оролцохоор шийдсэн л бол эхний хичээл багцаа зөв бүрдүүлэхээс эхэлнэ.Та хаана ч явж байсан гэлээ тухайн орны хөрөнгийн захын биржүүдийн самбарыг сайн ажиглалавал хувьцаануудын зэрэглэлээс шалтгаалан ангилчихсан л байгаа. Үгүй ядаж л  1,2,3 дугаар зэрэглэлээр ангилчихсан байдаг юм. Тиймд тэргүүлэгч компаниудын хувьцааг нь сайтар ажиглаарай! Тэд бусдыгаа чирдэг юм. Тэд үргэлж VIP ангилалд байрлаж байдаг юм. Ханшийг хөдөлгөдөг, бусдыгаа чирдэг, идэвхижүүлдэг гол компаниуд тэд л байдаг. Бас хамгийн найдвартай хувьцаанууд байх өндөр магадлалтай тул тэднийг нэгдүгээр зэрэглэлд багтаадаг юм. Иймд та анхны хувьцааны багцаа бүрдүүлэхдээ л үүнийг сайтар анхаараарай! Таны багцад заавал байх хоёроос гурван томоохон компани нь таны багцын цаашдын төлөвийг удирдаж ч болох юм шүү.


Мэдээж ямар ч тохиолдолд алдагдлаас чинь нөхөж байхаар bluechip үүд 10-20% д нь багтаж байвал бүр сайн. Эхлэн суралцагчдад эхний зөвлөгөөг биелүүлсэний дараа 30-40% нь өндөр өгөөжтэй гадаад, дотоод бондын арилжаанд орж, купоны түвшин өндөртэй бонд худалдан ав!  Эхний ээлжинд хугацаа нь нэг жил орчим байхад болно. Үлдсэн 50%-саа арилжааны идэвхи өндөр, байнга арилжаалж болох идэвхитэй 1.2 дугаар ангилалын хувьцаануудаас сонгож, 50%-хаа талаар нь худалдан авалт хийсэн ч болох юм. Цаана нь үлдэх 25%-хаа 10%-д нь маш их эрсдэл өндөртэй ч их ашиг авчирч ирдэг хувьцаануудаас сонгож худалдан авалт хийж болох бөгөөд үлдсэн 15%-нь танд байх зайлшгүй нөөц болж үлдэх ёстой юм. Яг арилжааны банкны "Зайлшгүй байх нөөцийн норм" шиг гэх үү дээ. За ямар ч тохиолдолд нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 15% нь танд үргэлж бэлэн мөнгө хэлбэрээр хадгалагдаж байх ёстой шүү. Үүнээс зарлага гаргаж хэзээ ч, хэрхэвч болохгүй.


2.     Улаан бүсийн өгөөж арвин!

Ихэнхи тохиолдолд ялангуяа таныг л дэлгэцээ нээгээд ажих үед сонирхож байсан хувьцаа чинь улаан бүсэд л арилжаалагдаж байх вий. Цочирдож, гайхах огт хэрэггүй. “Улаан бүсийн өгөөж арвин!” гэдэг юм. Уналт бий болсон л бол цуглуулж эхлэх дохио гэж ойлгох хэрэгтэй. Өшөө ч цаашаа унах эсэх нь зах зээлийн нөхцөл байдлаас шууд шалтгаална. Энэ үед эхлэлийн цэгээ хатгана. Өөрөөр хэлбэл эхний худалдан авалтыг туршилтын маягаар хийж, дахин унахыг хүлээнэ. Туршилтын худалдан авалтын дүн нь тухайн хувьцааг худалдан авахаар төсөвлөсөн мөнгөний чинь дээд тал нь 30%-иас огт хэтрэхгүй байх хэрэгтэй. Туршлагатай арилжаачид Хааны зам стратегийг хэрэгжүүлэхийн тулд танд цаана нь ахиад 70%-ийн нөөц байх шаардлагатай гэж үздэг. Энэ чинь гурван удаагийн уналтыг даван гарах нөөц гэж ойлгож болох бөгөөд арилжааны шимтгэл болон  татварын дүнгээс давж буураад аятайхан нөхцөл байдал ирсэн мэт байсан ч, томоохон уналтанд бэлтгэн хүлээх л хэрэгтэй. Дор хаяж 10-20%-ийн уналт эхлэх үеэр хоёр дахь худалдан авалтаа зоригтой хийж, худалдаж авсан дундаж үнээ буулгана. Ийм л замаар буулгаж явна.


3.     Үлгэр жишээ бизнестэй компаний хувьцааг үрж зарах гэж бүү яар!

Хүлээж байтал гэнэт ногоон бүс рүү шилжвэл яах вэ.  "Ашгийн үзүүр дөнгөж цухуйгаад ирэх үес л ямар нэгэн юмнаас хоцрох гэж байгаа мэт мэдрэмж бүх биеийг чинь эзэмдэж, томоохон худалдан авалтын Захиалгын дүнд багтаагаад өөрт байгаа мөнгөний түгжээ мэт хэсэг хувьцаагаа бусдаас түрүүлэн хурууны хүчээр амжиж зарж чадвал "Би сэргэлэн байна!" гэх явцуухан бодолд ээрэгдэж л байвал та хэзээ ч амжилттай арилжаачин болохгүй ээ!” Энэ тухай өмнө нь ч дурдаж л байсан. Санаж байгаа биз ээ. Энэ үзэгдэл түр зуурынх бөгөөд таныг зах зээл өөрөө сорьж үзэж  байгаа л гэж ойлговол зохино. Гэтэл та баавгай зах зээлд арилжаа хийж байгаагаа мэдэж байгаа болохоор цаашдын томоохон өсөлтийг лав нэг хэсэгтээ үзэхгүй. Энэ үнэн л юм чинь ашигаа хэрэгжүүлжж байвал яадаг юм. Мөнгөө хурдан гаргаж авъя гэж сэтгэх нь хэдийгээр үнэнтэй нийцэж байгаа ч гэлээ хангалттай ашиг авахад хүрэлцэхүйц нөхцөл бол биш ээ. Алдагдалгүй байгаа юм чинь бага ашгийг ч чамлаж болохгүй гэсэн сэтгэлгээ зөвхөн танд байна гэж бодвол буруу байна гэсэн үг.


Учир нь оролцогчдын ихэнхи нь ийм сэтгэлзүйтэй байдаг тул өсөлтийн өмнө өөрт байгаагаа зарчихдаг юм. Харин та бол зарж болохгүй! Учир нь та амжилттай арилжаачин болохыг зорьж байгаа шүү дээ. Та тэдний эсрэг зүгт явж байгаа тул хүлээх нь зүйтэй байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн сайн бизнестэй компанийн тухай ярьж байгаа гэдгийг маш сайн ойлгоорой. Дээр дурдсан онцсайн компанийн хувьцаануудын үнэ жаахан тонгойход л яаран яаран зардаг нь олонхи бөгөөд харин тэд энэ үйлдлийг хэрэгжүүлж байх үедээ тухайн компаний үндсэн бизнесийг ор тас мартчихсан байдаг. Эсвэл зүгээр л айдаст хүлэгдсэн, эс бол нөөцгүйгээс л ихэвчлэн ийм болхи шийдвэр гаргачихсан байдаг. Тэгээд юу л болвол болог! хэмээн дэмий л нэг удаа огцом уналт ирэх л ёстой хэмээн хоосон найдлагаар голоо зогоох хэрэгтэй болдог ажээ.


4.     Товчлуур дарах гэж яарах хэрэггүй

Үнэндээ бол товчлуур дарах процесс хормын төдий л ажил. Хурууны хөдөлгөөн, хурдаар шийддэг болсон орчин үед бол авах, зарах процесс өөрөө маш хялбархан шийдэлтэй болсон цаг. Өрсөлдөж авна. Өрсөлдөж зарна. Тиймд: "Ашигтай байгаа дээр нь хурдхан заръя!" гэсэн бодол л илүү давамгайлна. Нэгэнт зарах кноп дарсан учраас одоо хариуцлага нь таных шүү. Зарчихвал хангалттай ашиг орж ирэхгүй ч ямартаа ч алдагдалгүй байх юм биш үү гэж өөрийгөө зөвтгөнө. Муугүй л сонголт юм. Тухайн цагтаа магадгүй зөв ч шийдвэр байж болно. Үнээн. Гэвч мөнгөө өсгөхөд лав энэ шийдвэр тань хэзээ ч туслахгүй! Та энэ айдастайгаа зууралдаад л байвал анхны хөрөнгө оруулалтынхаа хэмжээг л байнга харах болно. Магадгүй заримынх нь бүр багассан ч байж магадгүй. Хэзээ нэгэн цагт "Хувьцаа нэгнээс нөгөөд шилждэг" хэмээх хэлц үгийг сонсож л байсан байх.. Үнэн шүү дээ. Та бусдад хөрөнгөө хямдралтай өгөхдөө: Би үүнийг хир их удаан хугацаанд хэрхэн мөнгө босгох гэж зовж, бусадтай өрсөлдөн цуглуулж, түүнээс ч илүү хэрхэн удаан барих гэж хичээж өдий хүрсэн бэ гэдгийг зарахын урьд эргэн нэг эргэцүүлж байгаарай. Бүр яг таныг л зарсаны дараах нь үнэ нь өсөж байгаа хувьцаанууд өчнөөнийг л харлаа. Дэмий бухимдахаас өөр яалтай.


Хамгийн зэвүү нь бүр тэр компанийн зах зээлд нийлүүлэгдсэн хувьцааны тоог өдөр бүр тоолж байгаа юм шиг, одоо чамд үлдсэн сүүлийн хувьцаа дуусангуут эргэж худалдан авалт сая хийж эхлээд дээр нь фомо үүсээд, түүнийг нь дөгөөж ар араасаа сайн мэдээнүүд цацагдаж эхлэх үес та зүгээр л зурагт руугаа дөхөж аятайхан шинэ кино олж үзэх юм уу булангийн буйдхан кафед орж аяга шар айраг шимэн охид залуусыг ширтэж суух нь хувь илүү дээр болохвий. Тийм мэдрэмжийг амсах тийм ч олигтой биш. Нэг хэсэг нь алдаж байхад тэр хэмжээгээр нөгөө хэсэг нь хожиж байдаг тийм л энгийн дүрэмтэй талбар дээр та тоглож байгаа юм хойно. өөх яалтай. Харин тэр хооронд цаг хугацаа урсаж, хажуугаар нь тухайн орны мөнгөн тэмдэгтийг инфляци нь идээд анхны хөрөнгө оруулалтаараа худалдаж авч чадах байсан зүйлсээ огт авч чадахаа байна гэдэгт итгээрэй. Хохирол нь энэ юм. Тиймд гацгхүү товчлуур дарахаасаа өмнө надад хувьцааны нөөц хэдий хэмжээгээр үлдсэн бол гэж үргэлж өөрөөсөө асууж байгаарай! Огт хувьцааны нөөцгүй байх нь бэлэн мөнгөгүй байхаас ч долоон дор байж мэднэ. Зарж болно. Чухам ямар тохиолдолд гэвэл нэг биш нийтээрээ унаж байгаа тохиолдолд эсвэл тухайн хувьцаатай зэрэгцэн өөр салбарын бас нэг сайн хувьцаа бүр илүү их унаж байгаа үед багцынхаа нэр төрлийг өөрчлөхөөр шийдэж маневр хийх үед л хэрэгтэй. Нэлээд туршлагажсан хойно энэ бол өдөр дутам, цаг минутын хийгддэг л хэвийн ажил болно.


5.     Бага багаар тогмтол худалдан авалт хий!

Энэ бол огт сэтгэл хөдлөлөөр юм уу их хэмжээний мөнгөн нөөцийг далд оруулахын тулд эсвэл хөрөнгөтэй болох хүсэлд автан хийдэг ажил биш ээ. Дан ухаантай байгаад ч нэмэргүй. Заримдаа компаниуд өөрсдийнхөө хувьцааг зах зээл дээр боломжийн үнээр их л удаан барьдаг. Таныг хөрөнгө оруулахыг хүлээж байна гэж ойлгож болно. Гэтэл та өдөр бүр нэг ханштай байгаа тэр сайн компанийн хувьцааг дахиад унана гэж хүлээгээд л байвал магадгүй үүнээс цааш газаргүй болсон ч байж мэднэ. Тэгээд хэзээ ёроолдхыг нь мэднэ гэж. Тэр нууцыг мэддэг байсан бол тэгээд бүгд л баян байх байлаа гэж хэлнэ. Гагцхүү та өмнө хэлсэнээр нөөцтэй байсан тулд тогтмол үнээр удаан хугацаанд байлгаж байсан компаниудын хувьцаанаас өдөр бүр биш юм гэхэд тогтмол худалдан авалт бага багаар хийж л байсан бол хожмоо ирэх сэтгэлзүйн дарамт, гэнэтийн мөнгөний хэрэгцээ болон өрсөлдөөн, сэтгэлзүйн тулаанаас өөрийгөө аль болох чөлөөлсөн л гэж ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн сонгосон компани чинь хамгийн сайн компани шүү дээ. Хамгийн сайн компанийн хувьцаа тогтвортой байна гэдэг бол танд олгож байгаа томоохон шагнал болох юм. Иймд энэ тогтворжсон үед нь л зах зээлийн сиймхийг ашиглан худалдан авалтуудыг зоригтойгоор хийж хувьцааныхаа тоог тасралтгүй нэмэж байх хэрэгтэй.


6.     Юу ч үгүй байснаас юмтай л байсан дээр!.

Гэтэл тэр сайн компаний хувьцааны үнэ чинь өндөр байгаад огт буурч өгөхгүй бол яах юм бэ? Тийм байсан ч гэлээ та худалдан авалтаа үргэлжлүүлэн хийж л байх хэрэгтэй. Учир нь үнэ унасан ч та дахиад нэмэлт худалдан авалтыг бүр өсгөж хийх нөөцтэй учраас санаа зовох зүйлгүй. Харин авч амжаагүй байх нь ч танд урам хугаралт өгнө. Урам хугархаас илүү муухай зүйл байдаг гэж үү. Өөрт байгаа эрч хүч урам зоригийг чинь тэр урам хугарах гэгч үзэгдэл л үгүй болгож байдаг. Тиймд “Юу ч үгүй байснаас юмтай л байсан нь дээр!” байдаг. Бүгд өндөр өсөлт дээр зарж байхад юу ч үгүй болчихоод хараад суухын муухай мэдрэмжийг гагцхүү арилжаа хийж байж туршлагажсан хүмүүс л маш сайн мэднэ. Бусад нь бол энэ тухай огт гадарлахгүй. Их муухай мэдрэмж шүү. Үүнтэй нэгэн адил хямд байвал бүр сайн. Мөнгө дахин олж худалдан авалтаа үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. Хаа хүртэл үргэлжлүүлэх вэ гэхээр таны одоо худалдаж авч байгаа зах зээлийн үнэ нь таны нийт авсан хувьцааны дундаж үнээс давж ирвэл зогсоож болно. Ингээд даваад ирсэн тохиолдолд бага хэмжээгээр зарж болох бөгөөд энэ үед таны нийт худалдаж авсан  дундаж үнийг чинь дахин дагаж буулгана. Энэ чинь худалдаж авсан дундаж үнээ буулгах онцгой сайн арга юм.


7.     Алдахгүй нь тулд юу хийж болох тал дээр төвлөр!

Хэрвээ ямар нэгэн хөрөнгөний өсөлтөн дээр  нөөцгүй байвал та зөвхөн тасралтгүй өсөх BTC, ETH, Solana-гын гайхамшигт өсөлтийн тухай шагшран ярихаас хэтрэхгүй бөгөөд, сошиал сувгуудын мэдээ мэдээллийг харж амаа барин,  сэтгэлийн гүндээ маш их харуусах болно. Харин танд байж байгаа тэр хувьцаа ер юу ч байсан гэлээ тасралтгүй уруудаж байх юм бол танд сошиал орчинд сууж цаг нөхцөөхөөс илүүтэй хурдхан маневр хийж бага алдагдалтай гарахын тулд илүү толгойгоо ажиллуулах хэрэгтэй болно. Хөдөлмөрлөнө гэсэн үг. Ямартаа ч би хувьдаа “Юу ч байхгүй байснаас байсан нь хувь илүү дээр!” гэж өмнө хэлсэн. Алдлаа алдлаа, уналаа уналаа гээд Та лав үхчихгүй нь л үнэн юм даг. Байхын гайхамшиг нь ердөө л энэ. Эцсийн эцэст мөнгө алдлаа гэдэг нь  таны хамгийн том асуудал биш бөгөөд харин мөнгөө бага алдахгүйн тулд ямар арга хэмжээ авсан байх чинь л таны хариуцлага болж хувирах юм.


Алдагдлаа бодоод байн байн стрестээд байвал эсвэл ер хүлээн зөвшөөрч чадахгүй, зах зээлийг буруутгаад байвал та бас л арилжаачин болж хэзээ ч чадахгүй. Зах зээлийг харааж, доромжиллоо гээд лав чамд сайн сайхан нь хэзээ ч ирэхгүй. Түүний оронд юун дээр алдсанаа сайтар тунгааж, алдааг давтахгүй байхын тулд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар  тэмдэглэл хөтөлж ч явах нь харин үр дүнтэй шүү. Би бол арилжаалж эхэлсэн цагаасаа л хувийн бүртгэл хөтөлж эхэлсэн бөгөөд одоо энэ бол ажил болж, зуршил дадал шиг надад бат сууж өгсөн юм. Түүнийгээ арилжаалсан өдөр бүр хөтөлж, үр дүнг нь арилжаа хаагдсан цагт нь тайлан хэлбэрээр хэвлэж авна. Товчхондоо тухайн өдрийн ажлын тайлан товч хэлбэрээр таны өмнө ширээн дээр чинь байна. Ямар ч байсан та мөнгөө алдахгүй нь тулд хөдөлмөрлөсөн л байна. Зүгээр суугаагүй шүү. Тэр тэмдэглэлүүд яван явсаар, зузаарсаар байвал ханшийг та сайн тааварлаж чаддаг буюу, олдмол зөн совинтой болгох булчинг чинь тэр хэмжээгээр хөгжүүлж байгаа өөр нэгэн онцгой хэлбэр болох юм.


Үргэлжлэл бий..

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

+976 88081502

info@tusgalt.com

Бидэнтэй холбоо барина уу

©2025 ТУСГАЛТ ЧАНАР ХХК. Бүх эрх ТУСГАЛТ ЧАНАР ХХК-д хадгалагдана

bottom of page