google-site-verification=mcQrjBFMKLG-SzaHUS1ePwFHnLEz_Z5glm59UWK7vRM
top of page
Search

АРИЛЖААЧНЫ ФИЛОСОФИ (02)

  • Writer: Byambadorj Yura
    Byambadorj Yura
  • Sep 21
  • 10 min read

Updated: Sep 21

Хоёрдугаар хэсэг (02) #Найдвартайтүншлэл


ree

Ингээд би..

ер нь л тууштай арилжаа хийхээр зэхэв. Тодорхой мөнгө бэлдлээ. Зөвхөн гадаад арилжаанаас  гадна дотоод арилжаа сонирхол татсаар байлаа. Учир нь хэзээ нэгэн өдөр Монголын хөрөнгийн зах маань өөрөө бүхэлдээ онлайн арилжааны горим руу шилжих нь цаг хугацааны асуудал гэж төсөөлж байв.


Арилжаанд оролцогсдын идэвхи ч нэмэгдэж, тоо нь ч өснө гэж төсөөлж байсан хэрэг. Зах зээл тэлж эхэлвэл орон зай тэнд байдаг л юм чинь. Тэгээд ч үнэлгээ багатай компаниудаас сонгоход эх хэл дээрээ тайлангаа уншиж, зохих шинжилгээ хийхэд хялбар гээд олон давуу талтай байдаг. Нөгөө талаас хэдхэн тооны компаниудаас сонгох нь ч амар байсан байж магадгүй. Гэхдээ мэдээж гадаад арилжаатай харьцуулахад дотоод арилжаа олон сул талууд байсныг үгүйсгэхгүй ч энэ нь огт өөр асуудал тул хойно өгүүлэх болно.


Тухайн үед манай улсын брокер компаниуд арилжааны онлайн горимд шилжих гэж ид бэлтгэлээ хангаж бужигнаж байсан үе буюу 2013 он юмсан. Миний мэдэхийн хамгийн түрүүнд энэ ажлыг биечлэн хийсэн компани #ТиДиБикапитал хэмээх авсаархан компани байж, хожмоо өргөтгөн #ТиДиБисекюритис болж өөрчлөгдсөн байдаг. Би ч бас нэлээд түрүүнд бүртгүүлж, дансаа холбож орхисон. Мэдээж анхны юм бүгд хэцүү байсан нь тодорхой. Энэ чинь 2012 он шүү. Тэр үед апп хөгжүүлэлтийн тухай ойлголт хараахан байгаагүй. Зөвхөн десктоп дээр хийхээр сайтаа хөгжүүлж байсан цаг. Би ч байнга дансаа цэнэглэж, алдаа оноотой нь хамт шууд л арилжаалж эхэлсэн. Олохоосоо алдах нь ч их байсан. Гэхдээ миний хүсэл бол хараат бус байхыг л хүссэн учир хамгийн жижиг алдааг ч хянасаар, тэр бүрийд брокертойгоо хамтарч ажиллан, алдаа оноог нь засаж сайжруулахад өөрийн зүгээс чадах бүхнээ л хийдэг байлаа.


Тэд ч миний жаахан зөвлөгөөг бага гэлтгүй, орхигдуулалгүй үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх тал дээр үнэхээр чадамгай ажилладаг байсан нь надад ихээхэн урам өгдөг байв. Тэр үед хэдхэн хүнтэй уг компани яаж энэ талбар дээр ийм хурдтай ажиллаж, өөрчлөлт авчирч, өсөж хөгжиж байсныг тод харж байлаа. Ер нь их ачаалалтай ажиллаж байсан юмдаг. Хамгийн гол асуудал бол хэрэглэгч өөрийнхөө портфойл-ыг хянах, олз, гарз ашиг алдагдлыг зөв тооцож, нэг талбар дээр харах нэгдсэн талбартай болох нь нэн чухал байлаа. Таны ямар брокер сонгох нь чухам энэ л талбараас шууд шалтгаалах учир арга ч үгүй биз ээ. Мэдээж арилжааны T+2 систем бол тухайн үед шилдэг нь байсан ч хувьцаа зарсан мөнгө нь ажлын 2 хоногийн дараа орж ирсэнээр мөнгө муутай хүн бол хүлээхээс аргагүй л байдаг. Энэ хооронд аятайхан арилжаанууд нүдний чинь өмнө жирэлзээд өнгөрнө. Яаж ч чадахгүй хараад өнгөрөх үе ч олон тохионо.


Тэндээс анхны бөгөөд насан туршийн маш том гэрийн даалгаварыг ойлгоно. “Нөөц бүрдүүлэх ёстой!” . Ер нь арилжаачин хүний гол зорилго бол: "Тухайн хувьцааг худалдаж авсан дундаж үнээ л буулгахад оршдог!" Түүнээс биш ногоон бүсрүү шүргэх төдийд зараад байх нь огт зорилго биш юм. Гэхдээ сонирхолтой нь тийм арилжаачид санасаныг бодоход маш их байх юм билээ. Ямар ч зорилготой юм. Яах гэж тийм үйлдлүүд хийдгийг би бол ойлгодоггүй ээ. Өчүүхэн ашгийн үзүүр цухуйхад л байгаагаа зарж орхидог. Эцсийн эцэст үнэлгээ тань түүний цаана одоохондоо харагдахгүй байгаа +15% иас дээш гартал худалдаж авсан дундаж үнээ буулгаж л байх хэрэгтэй. Яахав +15% гэдгийг хадгаламжийн хүүнээс арай илүү гэсэн утгаар дундаж болгож л хэлж байгаа болохоос заавал тийм дүрэм байхгүй. Энэ чинь “Нэмэлт худалдан авалтуудыг зоригтойгоор хийж бай!” гэсэн энгийн л санаа юм. Хувьцаа их сонин шүү. Миний хэлдэг үг байдаг: “Хувьцаа яг л шуудайнд хийсэн ноос шиг. Аваад дээрээс нь чихээд л байвал ороод л байна. Тэгээд тэр шуудай чинь илүү их жин дарна. Эцсийн эцэст наймаачдад ноосыг тушаахдаа хэдэн кг хүрсэн эсэхээр тооцож төлбөрөө авахаас бус хир их том шуудайтай байснаар төлбөр ирэхгүй ээ!” 



Энэ нь тэр их жин дараад байгаа ноосны нягт нь их байх тусмаа л таны шагнал өсөн нэмэгдэж ирнэ. Тиймээс нэг шуудайнд нэг компанийн хувьцааг хийсэн л бол дүүртэл нь чихээд л байх хэрэгтэй. Бүр амсарыг нь сагатал чихэх хэрэгтэй. Өөр сонголт үгүй! Үүний тулд аливаад бэлэн байх ёстой гэдэг хууль үйлчилдэг юм. Юу вэ гэвэл танд ямагт бэлэн мөнгөний нөөц байж байх хэрэгтэй болдог. Харамсалтай нь шинээр арилжаа хийж эхэлж байгаа зарим залуусын үргэлж алддаг зүйл нь ердөө л энэ шүү. Бизнес, хөрөнгө оруулалт ер юу ч бай! Олон зүйлс буруугаар эргэж бүтүлгүйтдэг нь энэ мэт энгийн жижиг зүйлийг анхааралгүй орхигдуулснаас эхтэй байдаг. Тэд уналтын хязгаар дээр өөр өөрсдийнхөөрөө текник шинжилгээ хийж, янз бүрийн үзэл онолд итгэн, бусдыг дагаж дуурайж, зах эээлийн нөхцөл байдлыг дутуу үнэлээд “Уналт одоо зогссон!”. “Одоо яг шал үнэ болсон!” гэж тооцон худалдан авалтаа зогсоодог юм уу эсвэл бүр нөөцгүйгээсээ болж орхичихдог.


Гэвч нэгэнт баавгай зах зээлд орсон л бол уналтанд ер нь ёроол байдаг гэж үү? Танд хамгийн багадаа гурван удаагийн томоохон уналтыг даван гарах их бага хэмжээний нөөц заавал байх ёстой. Хэрвээ ийм хуримтлал байхгүй бол шууд арилжаа хийж эхлэхдээ нэлээд ул суурьтай бодож байвал зохино. Эсрэгээрээ бух зах зээл эхэлсэн нь нэгэнт тодорхой байхад ашгийн түвшин уруу дөнгөж өнгийх үед нь байгаагаа зарчихна. Жинхэнэ өсөлт эхэлсэн үед ямар ч хувьцааны нөөцгүй сууж байгаа нь харин ч ёстой хохирол дагуулах бөгөөд ерөөсөө арилжаа чинь шал утгагүй юм байна гэх бодолд өөрийгөө дарлуулна. Ийм үед хүмүүс: Тэр тэгж байна! Энэ ингээд цөм ашиг хийчихлээ! гэдгийг ярихаас бус хэн ч унагсдыг тоож сонирхохгүй. Хүмүүсийн араншин нь тийм. Тухайн зах зээл дээрх боломжийг ашиглан хэн хамгийн өндөр ашиг хийснийг л сонирхохоос чиний алдсан тухай хэн ч бодохгүй. Хэн ч мэдэхгүй. Мэдэх ч шаардлага шалтгаан байхгүй. Гэхдээ энд сонирхолтой зүйл байдаг нь эсрэгээрээ тухайн хүний ганц хоёр удаагийн амжилттай үйлдлийг бахархаж ярилцхаас бус түүнийг энэ амжилттай арилжааг хийх хүртэл ямар хэмжээний эрсдэл туулж, хир зэрэг олон бартаа саад нугачааг даван туулсныг мэдэх ч үгүй, мэдэхийг хүсдэг ч үгүй. Зүгээр байж байгаад цөм ашиг хийчихлээ л гэж хардаг талтай. Та ч ингэж харж, асуудлыг хялбараар шийдэхийг хүсэж байвал танд таарсан хамгийн хялбар бөгөөд хамгийн амар сонголт бол гадаад дотоод бонд худалдан авах, төрөл бүрийн сангуудад, үнэт металын болон үнэ цэнэтэй зүйлсэд, венчур капиталд хөрөнгө оруулахаас гадна хадгаламж эзэмшиж, үл хөдлөхөд хөрөнгө оруулах гээд өмнө чинь эрсдэл багатай хялбар сонголтууд олон байдаг шүү. Магадгүй ч үгүй нас ахих тусам томоохон эрсдэл хийх эр зориг багасдаг нь онолоор батлагдчихсан зүйл. Тиймд эсвэл тухайн зах зээлийнхээ аль талд байгааг мэдэрч, зүгээр л blue chip хувьцаа цуглуулж, ногдол ашгаа аваад явсан нь өлзийтэй ч байж мэднэ.


Би заримдаа брокерийн компанийхаа үйл ажиллагаанд өчүүхэн ч атугай нэмэр тус болох үүднээс ойр зуурын өөрт ямар ч хэрэггүй гэвч бодит зах зээл дээрх худалдан авалт болон заралтуудыг хийдэг байв. Яагаад гэвэл томоохон онол элдэв сайхан ярианаас илүүтэй зах зээл дээр шууд гар бие оролцож байж л сая үр дүнг нь харж, зөв буруу алдаа, оноогоо тооцож, засаж залруулахаа шийдвэрлэж, урьдчилан сэргийлдэг болохоор л тэр. Сайжруулах хөгжүүлэх ажил ч үүнээс эхтэй. Бусдын төлөө чи яагаад өөрийгөө эрсдэлд оруулаад байгаа юм гэж асууж болох ч бүгд их бага хэмжээгээр өөрийн харилцдаг брокерийн үйл ажиллагаанд дэм болж байж энэ зах зээл жинхэнэ утгаараа хөгжих учраас ийм хэмжээний үйл хөдлөл аливаа хүнд байх хэрэгтэй. Би залууст нэг л зүйл хэлнэ. Ямар ч тохиолдолд: "Үйлчлүүлэх гэж байгаа брокерийн компанийнхаа үйл ажиллагаа, засаглал, соёл, ёс суртахуун, хариуцлагынх нь талаар маш сайн судалж байж, сонгож байгаарай! л гэж хэлнэ. Жижиг гэлтгүй асуудлыг чинь шийдвэрлэж өгч байгаа брокерүүд бол жинхэнэ гайхалтай туслагч бөгөөд олон ч хүндрэлтэй асуудлуудыг тань таны өмнөөс шийдэж өгч чадна шүү.


Тэд таны амьдралыг ч хялбар болгож, зорилгыг чинь ч тодорхой болгож өгнө. Та харилцаа, хандлага дээрээ маш сайн анхаарч тэдэнтэй аль болох ойр байж, нягт харилцаа холбоо үүсгэж чадвал энэ нь таньд олдож байгаа асар том давуу тал болно. Зүгээр л ажил хэргийн холбоон дээр шүү. Тэд таны хувьд мэдэхгүй байгаа, бухимдуулж байгаа, шийдвэрлэж чадахгүй олон олон асуудалд тань хамгийн сайн мэргэжлийн зөвлөх байж чаддаг юм. Итгэлтэй байж болно. Эцсийн эцэст: "Мэргэжлийн экспертүүдтэй тогтоосон гүнзгий бат харилцаа шиг ингэж их урам зориг өгөх зүйл өөр ховорхон" доо. Ийм найдвартай харилцаа холбоо тогтоосныхоо төлөө ямар ч нэмэлт хөлс хүч чамаас шаардахгүй бөгөөд алдаа оноо амжилт ололтынхоо зах зухаас тэдэнтэй хуваалцахад харин ч танд тухлаг таатай байдал мэдрэгдэх болно. Бас өөрийн хүч үл хүрэх, үл чадах эргэлзээтэй асуудлаа шийдвэрлүүлэхэд хялбар байх болно.


Гадаад арилжааны тухайд харин огт юм. Та хэнд ч гомдоллох эрхгүй. Хэн ч таны өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэнбугай ч чамд мэдэхгүйг чинь бүрэн дүүрэн ойлгуулж, үнэн зөвийг тань шүүж тунгааж өгөхгүй шүү! Grok, Chat GPT ч тэр, Youtube ч  ер юу ч тэр.  Өгдөг байлаа гэхэд, Та лавтайяа үнэн бодитой мэдээ, мэдээллийг хайж олж чаддаг юмаа гэхэд дор хаяж нэг хэсэгтээ таны хувьд түүнийгээ бүрэн дүүрэн ойлгож ухаартал зай ч байна, лай ч байна гэдгийг баттайяа хэлье.  Аль болохоор биеэ зовоолгүй байж байгаад цөм хийчие гэсэн сэтгэлгээ энэ талбарт огт нэмэр болохгүй! Асуудлыг тухайн цагтаа л болгож буй мэт хялбархан шийдчих гээд байдаг зарим нэгний зан чанар өөр бусад ажлуудад үр дүнтэй ч гэлээ, лав л энэ зах зээлд тоглох гэж буй л бол биш л гэх байна. Та хариуцлагыг хэтэвчээрээ үүрэх учраас тэр л дээ. Гэвч юу ч хийхгүй бол ямар ч алдаа гардаггүй гэдэг.  Ямар ч алдаа гарахгүй бол байрандаа л байна гэсэн үг. Байрандаа байгаад байвал юуны өсөлт хөгжил, амжилтын тухай яригдах билээ.


Гэтэл үнэндээ: “Амжилтанд хөтлөх зам өөрөө алдааг дайрч өнгөрч байж л хүрдэг!” гэгддэг. Харин бага л алдах хэрэгтэй. Түүнээс биш алдааг тойрч зугтах боломжгүй. Цаг л алдахын нэмэр. Наад зах нь таны сонгосон гадаад зэх зээл дээр буй тухайн компанийн  мэдээ мэдээллийг арайхийн эрж, хайж олж аваад ямарваа нэгэн анализ дүн шинжилгээ хийх гэж зууралдаж, нөхцөл байдлыг ойлгох гэж хичээж, муйхарлаж байх зуур аль хэдийн ач холбогдол нь алдагдчихдаг. Нөхцөл байдал ийм хурдтай өөрчлөгдөж байдагтай холбоотойгоор өөр үзэл онол, баримт баталгаа тэр дороос дахин дахин урган гарч ирж, даруйдаа хувьсан өөрчлөгдөж байдаг учраас танд цаг хугацаа, нөөц хоёр л хамгийн хэрэгтэй болно. Энэ үед Та ямар аварга том зах зээл гэгч далай руу гараа дүрсэн болохоо хагас хугас нэг юм ухаарч эхэлнэ.  Гэхдээ санаа зоволтгүй. Энэ дэлхийн хаана ч тэр ямар ч өнцөг буланд юу ч хийдэг  нээлттэй хувьцаат компани байлаа гээд тэдэнд нэг л хууль үйлчилдэг. Энэ нь аудитаар баталгаажуулсан тайлангийн үр дүн. Хэв загвар нь бүгд ижил. Өмнөх хэсэгт худлаа хэлдэггүй ганц зүйл бол тоо байдаг гэж хэлсэнийг санаж байгаа  байх аа. Эцсийн эцэст татварын дараах ашиг гэсэн мөрийг хамгийн түрүүнд л харах болдог.


Балансыг зөв уншаад сурчихсан байхад уг баланс дээр санхүүгийн шинжилгээг бодитой хийж, үр дүнг өөрийн биеэр олж мэддэг бөгөөд бүхий л цаг үед энэ тайлангаа хүлээх болдог. Мэдээж Federal Bank (FED) хурлын шийдвэрийн нөлөө, суурь хүүгийн түвшин зарлах, ажилгүйдлийн түвшин, олон улсын үйл явдлын гэнэ гэнэтийн шийдвэрүүд, шатахуун, эрчим хүчний үнэ хувьсах, дайны өрнөл, өвчин эмгэгийн тархац,  газар хөдлөлтийн уршиг, ган зуд, цунамийн сүйрэл, хүнс болон усны бохирдол, бослого хөдөлгөөний үр нөлөө зэрэг олон чухал шуурхай мэдээ мэдээллээс боломжоороо сонсож, судлаж, дүгнэх хэрэгтэй болдог ч хамгийн чухал нь мэдээж хагас жилийн тайлангийн үр дүн.  Чухал мөч шүү. Балансын үнэтэй харьцах зах зээлийн үнэ (P/B),  Цэвэр ашиг/Нийт хувьцааны тоо=(EPS=earnings per share) Эндээс P/E=Ханш/EPS ratio-гоо гаргаж авна. Эхлээд EPS гарч байж хооронд нь харьцуулж гаргадаг тул бүгд хоорондоо уялдаа холбоотой. Үүний тулд урьдчилаад сонгож авсан компаниудынхаа жагсаалтыг нарийвчилсан мэдээ, мэдээллүүдийн хамт хувийн тэмдэглэлдээ зоочихсон байна. Хувийн тэмдэглэл чинь мөн л эксел дээр хөтлөгдөнө. Юу ч байсан эксэлээр л тэмдэглэл хөтлөнө. Худалдан авах уу? Зарах уу? гэх шийдвэр гаргалтанд нөлөөлдөг наад захын ийм олон чухал харьцаанууд нь нийт хөрөнгийн дүн, цэвэр ашгийн хэмжээ зэрэг чухал мэдээллүүд яг тодорхой болж нийтлэгдсэн хойно хийгддэг гэдгийг бид бүгд мэддэг билээ. Гэхдээ хэдий үүнийг яг таг хийсэн хойно гэж хэлж байгаа боловч хэрвээ та мэргэжлийн арилжаачин байсан бол энэ бүгдийг гарахаас өмнө аль хэдийн тооцоолчихсон байдаг билээ.


Учир нь цаг хугацаа өнгөрөх явцад та тухайн компанийхаа үйл хөдлөлийг бүгдийг мэдэж, урд жилийн үр дүнгээс энэ жилийн үйл хөдлөл ямар байсныг ерөнхийдөө барагцаалдаг болчихсон байх тул өөрөө өөртөө бооцоо тавьж буй мэт таамгаа дэвшүүлээд түүн дээрээ үндэслэн улирлын тайлангуудын үр дүнтэй уялдуулан урьдчилсан тэмдэглэлүүдийг аль хэдийнээ оруулж шийдвэрээ гаргачихсан байдаг. Аягүйдвэл авах зарах хөдөлгөөнүүд хийгдчихсэн байхвий. Арилжааны үр дүн ч тайлангийн үр дүнгээс гарсан чиглэлүүдээс нэг их хол зөрөхгүй бөгөөд гэнэтийн огцом шийдвэрүүд л гарахгүй бол “Та арилжааны зөв талд л байна!”. Энэ бүгдэд нөгөө л цаг хугацаа л шийдвэрлэх үүрэгтэй.

Хамгийн гоё нь юу вэ гэвэл: Таны өөртөө зориулж гаргасан урьдчилсан таамаглал бүхий тэмдэглэлийн үр дүн нь тухайн компанийн аудитаар батлагдсан тайлан гарсаны дараах үр дүнгээс нэг их хол зөрөхгүй байх!”  тухай ойлголт энд яригдаж байна. Хол зөрүүлэхгүй байж чаддаг болсон бол таны таамаглал болон судалгаа шинжилгээнүүдийн үр дүн нь,  байныхаа голд ер нь  онож чаддаг болсоныг илтгэх бөгөөд энэ чинь “Олдмол зөн совин!” мэдрэмж гэгч ойлголт танд бүрэн сууж хөгжсөний баталгаа болж өгч байгаа хэрэг мөн. Таны арилжаалахаас айх айдас ч энэ цаг дор үгүй болсон байна биз ээ.

 

Гэхдээ би энэ өгүүлэлдээ толгой эргэм олон харьцаа, тоон үзүүлэлт томъёо график эрээчих гээгүй юм шүү. Бүгд  интернетээр дүүрэн болчихсон болохоор тийм юм бичих нь ч миний хувьд илүүц. Математик тооцоолол, элдэв харьцаа үзүүлэлтүүд, дүн шинжилгээ мэдээ мэдээллүүд хамгаас чухал ч гэлээ арилжааны шийдвэр гаргахад нөлөөлдөг бас нэгэн чухал зүйл орхигдох гээд байдаг талтай. Энэ бол төрөлх бус “Олдмол зөн совин”. Юу гэж тайлбарлахыг мэдэх үгүй ч энэ нь яг бидний ойлгодог зөн совин бус нарийн торгон мэдрэмжийг л хэлж байгаа юм. “Төрөлх” биш гэдгийг тодотгоод “Олдмол” гэж хэлж байгааг анхаараарай! Нэг бол төрөлхийн өгөгдөлтэй. Үгүй бол олж суулгана л гэсэн үг. Хүн бүр төрөлхийн өгөгдөлгүй нь үнэн юм бол түүнтэй тэнцэхүйц хэмжээний мэдрэмжийг олж суулгахаас өөр замгүй. Үнэн шүү. Амжилт олох эхний цэг нь бодит байдлыг олж харах инстинктэй байх хэрэгтэй.


Өөдрөг үзэлд ч тэр гутранги үзэлд ч тэр дороо ээрэгддэг, нэг тал уруу маш амархан хэлбийдэг. Дээр нь бусдад амархан татагддаг, бусдын үзэл онолд гэнэнээр итгэчихдэг.  Хажуугаар нь логиктой анализ, дүгнэлт хийх чадвар өөртөө хагас дутуу ч гэлээ суулгаагүй л бол сошиал орчинд л цаг нөхцөөж тэдний гаргасан шийдвэрийг харах, автомтаар даган дуурайх хэрэгтэй болдог юм. Үгүй бол мэдээлэлд ойрхон хэн нэгний шийдвэрийг дагана. Үгүй бол мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглан хууль бус арилжаа хийнэ. Шударга төгс өрсөлдөөнт зах зээл дээр ийм зүйл хэрхэвч байж болохгүй бөгөөд угаас хуулиар хориглочихсон тул ийм зүйл бодохын ч хэрэггүй. Тийм хүмүүст юу хурцаар илэрдэг вэ гэвэл өөртөө итгэх итгэл үргэлж дутагдаж байгаа нь ажиглагддаг. Өөрөөсөө илүү амжилттай яваа нэгнийг мундаг хэмээн гүнээ итгээд түүний үйл хөдлөл бүрийг даган дуурайх тал уруу хэлбийчихдэг нь ч үнэн. Тийм ч муу зүйл биш боловч яагаад ч арилжаанд тохирохгүй зүйл чинь энэ юм. Учир нь та өөрийн хэтэвчээрээ хариуцлага хүлээнэ. Та өөрөө л хариуцлага хүлээнэ. Өөр хэн ч хүлээхгүй. Буруудлаа гэхэд түүнийг мянга зүхээд хэрэг үгүй. Шийдвэрийг та өөрөө л гаргасан тул таны л асуудал болж хувирдаг.


Тиймдээ ч өдий хүртэл хэнд хэнийг хэзээ, хэдэн тоогоор худалдах худалдан авах буюу зарахыг хэн ч зүрхэлж заадаггүй юм ш дээ. Тийм хүмүүс байгаа бол тэр чинь л харин жинхэнэ худалч байж мэднэ. Учир нь тийм юм байдаггүй гэдгийг тэр өөрөө сайн мэдэж байгаа хэрнээ мундаг хүн болох гэж тийм үйлдэл гаргах тэнэг лав тийм олон байхгүй. Эцсийн эцэст нэгэнт бусдын үйл хөдлөлийг даган дуурайж эхэлвэл ямар ч фомо үүссэн, ямар ч хэлбэлзэл үүссэн салхинд нь дороо туугдана.Бүгд тийшээ хошуурвал... юу гэдэг билээ”. Өвөөгийн үгийг санаж байгаа биз ээ. Яг л тийм үр дүн авчирдагыг бид олонтаа харж байна. Үгүйсэн бол бүгд л зах зээлд ялагч болж, энэ чиглэлээр ажиллах ёстой шүү дээ. Гэвч амьдрал дээр бүгд огт өөрөөр өрнөдөг билээ. Амьдрал дэндүү баялаг тул ингэнэ, тэгнэ гэсэн тогтсон дүрэм журам ч заримдаа гажууддаг юм.


Үргэлжлэл бий..

 


 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

+976 88081502

info@tusgalt.com

Бидэнтэй холбоо барина уу

©2025 ТУСГАЛТ ЧАНАР ХХК. Бүх эрх ТУСГАЛТ ЧАНАР ХХК-д хадгалагдана

bottom of page